


Ялгуусан хутагтын залгамж дүрүүд
















Ялгуусан хутагт Ялгасан гэгээнтэний 17 дугаар дүр
Гэгээнтэн Архангай аймгийн Тариат сумын нутаг, урьдын хутагт дээдсийн түмэн өлзий гийж, сайн учрал бүрдсэн ерөөл дэмбэрэлтэй газар аав Г.Чимээхүү, ээж Т.Самбуу нарын 7 хүүхдийн дунд хөвгүүн болж 1976 оны гал луу жил мэндэлжээ. Г.Чимээхүүгийн гэр бүл хүүдээ Бат-Амгалан хэмээх нэр хайрласан юм.
Дунд сургууль төгсөж, цэргийн алба хааж, хорь гаруй жилийн өмнөөс бурханы номын ариун замд орж эрдэмд шамдсан. Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангийн гавж Ө.Гүндсамбууд шавь орж, ном хөтлүүлж багшид барьсан.
XVII жарны гал тахиа жилийн зуны эхэн хөхөгчин могой сарын шинийн 3-ны Балжиннямтай бэлгэт сайн өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд сэнтийд залан, шашин номын нарийн дэг жаягийн дагуу номын үйлийг барилдуулсан юм.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц Ялгуусан хутагтын XVII дүрийн батламж соёрхлыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Энэтхэг улсын Дели хотноо гардуулжээ. Тэрээр Хутагтад «Ялгуусны шашныг сонсох, санах, бясалгах гурваар барих хэрэгтэй» хэмээн онцгойлон захиад Данзинванчүг хэмээх номын алдар хайрласан билээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Данзинванчүг хэмээх номын нэр хайрлав.


Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын соёрхсон батламж бичгийг хөрвүүлбээс:
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, гавж Д.Чойжамцын айлтгалын дагуу шинжилж үзсэний үрд Г.Чимээхүүгийн Бат-Амгаланг Ялгуусан хутагтын хойд дүр мөнийг танин барив. Хойд дүр энэ ямагт ялгуусны шашныг сонсох, санах, бясалгах гурваар барих, тэтгэх хэрэгтэй гэдгийг сэтгэлдээ хоногшуулан тогтоосугай. Шагжаан буяныг судлагч, номыг өгүүлэгч Далай лам. Төвөдийн XVII равжүнгийн Гал бич жилийн дугаар жилийн 10 дугаар сарын 24 буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэмээжээ.


